Хорьдугаар зууны монгол зурхайч, Толгойдоо тооны машинтай хүн...
2010 оны 2-р сарын 19
-Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар бол гучаад онд хэлмэгдэж алуулсан хүмүүсийн хойд дүр нь-
Өдгөө их зурхайч маань бурхны оронд хэдүйн морилсон ч түүний үүх түүх амьд сэрүүндээ хуучилсан яриа өнөө ч үнэтэй хэвээр.
Зурхайч Дашдамба гэхээр Монголд мэдэх хүн цөөн. Харин “Малчдын календарь, хуанли” нэртэй цаг тооны бичгийг бол хэн хүн андахгүй. Гэвч энэхүү цаг тооны бичгийг 1970 оноос хойш гучин жил тасралтгүй зохиосон хүн бол Сундуйн Дашдамба юм.
Нэг. Миний мэдэх Дашдамба
Түүний туулж өнгөрүүлсэн амьдралын дал шахам жил хэн хүнийхтэй зүйрлэхийн аргагүй. Хар нялхаасаа өглөөн нарнаас үдшийн бүрий хүртэл хонь дагасаар суусан сургууль, үзсэн эрдэмгүй бага насаа өнгөрүүлжээ. Тоглож наадаж өссөн үе чацуутных нь хуучилснаар голдуу явган нүцгэн хонь хариулах боловч газар зураад суучихаараа бүхнийг мартдаг “өвчтэй” байсан гэнэ. Өөрийнх нь өгүүлснээр ингэж явахдаа л тоо бодож, нэмж хасаж, хувааж үржүүлж сурчээ. Хэн ч энэ бүхнийг зааж сургасангүй, “хар аяндаа” л сурсан.
Түүнийг анх олж харсан дүр зураг миний сэтгэлээс өнөө ч арчигддаггүй юм. Онгож гандсан хар даалимбан тэрлэг хайш яайш өмсөж, халхагар өмдний нь шуумаг гутлын түрийг нь давсан намхан тагжгар хар хүн хааяа нэг манайхаар бууж морддог байв. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангид сурч байхдаа Октябрийн баярын амралтаар гэртээ хариад байтал Дашдамба гуай “Танай шар хүү бий юу, юм хийлгэнэ ээ” гэсээр манайд ирэв. Аав ээж хоёр ч “хүүгээр минь юу гээчийг хийлгэх нь вэ? Чадах юм болов уу даа?” гэсээр цай хоол пүрхийлгэлээ. Дашдамба гуай “Сүхбаатар чаднаа” гэсээр ганзагалж ирсэн боодолтой юмаа задлах нь тэр. Юу ч бичээгүй бичгийн хэмжээний гар эсгэм цагаан цаас, бас хортой цаас гэж гар хүрэхээр бэх болгочихдог цаас баахан боодлыг, гоё эрээн харандаануудын хамт гаргав. Хүүхэд бидэнд үнэр нь хүртэл их л сонин содон санагдаж байж билээ. Тэвэр хэд дүүрэм өнөөх цаасан дээр нь би цаг тооны бичгийн хүснэгт хэд хоног хонь харах ажлаас чөлөөлөгдөн шугамдаж Дашдамба гуай гаргац муутай кирилл үсэг, бас үл мэдэх нэг бичиг (төв үсэг)-ээр гариг өдрийн нэр бичиж, нүхнүүдийг элдэв тоогоор бөглөж өнжинө. Энэ нь учрыг үл мэдэх хүнд ёстой л эрээн цоохор юм харагдана.
Манай нутгийнхан түүнийг “Маам зурхайчийн сүнс” гэлцэнэ. Маам гэж ёстой л “шарсан мах андахгүй шар зурхайч” байжээ. Тэрбээр хүний хэлсэн ярьсан бодсон санасныг таачихдаг мэргэн нэгэн байсан аж. Маам зурхайчийнд гурван хүн буух гэж явахдаа нэг дэх нь “би айраг уунаа” гэхэд хоёр дахь нь “авгайг нь үзнэ”, гурав дахь нь “тахилыг нь харна аа” гэлцээд үүдийг нь сөхжээ. Мэнд мэдээд суух гэтэл Маам зурхайч “Айраг уух нь тийшээ суу, авгай үзэх нь ийшээ суу, тахил үзэх нь дээшээ суу” гэж хэлээд нөгөө гурвыг ичээж байсныг манай голынхон домог мэт ярьдаг юм.
“Дашдамба шинэ гэрээ барих гэтэл зурхайд нь жил нь тохирдоггүй гэнэ. Жил нь тохирохоор cap, өдөр, цаг нь таардаггүй юм байх, ууц таллах хутганы ир мөрний хэмжээ алдагдаад дархан Халзанд дахин очсон гэнэ. Зуух нь ч утаа хүргэмээргүй нандин эд юмаа. Ер нь гэрийн унь тооно, бүрээс туурга, хана хаалганы бариулаас эхлээд галын хайчаа хүртэл зурхайгаар зурж байж л сая санаандаа таарсан юм хийлгэдэг хүн юм байх” гэсэн шуугиан олон он дамжин өртөөлсөөр хожим тавин насаа хэвийсэн хойноо Дашдамба зурхайч өргөө цагаан гэрээ барьж, өргөн түмэндээ үүдээ дэлгэн цайлж дайлсан ч удаатай.
Энэ тухай түүнтэй багадаа тоглож өссөн Өлзийхутагийн Шаравдорж гуай Монгол телевизийн
сурвалжлагчид “Дашдамба арваад жил бэлдэж байж гэрээ барьсан. Монгол гэрт юу байх, ямар хийц донжтой эд хэрэглэл байхыг бүгдийг нарийн нягт тооцон хийсэн. Уг нь музейд л байгууштай эд, эзэн нь байхад ингэж хэлэх ч эвгүй юм уу даа” гэсэн нь хоосон үг биш гэлтэй.
Ер нь Дашдамба нэг өмссөнөө тайлахаа мартсан юм шиг элээдэг ч үнэ хадсан нандин чамин эд хэрэглэх дуртай. Нутагтаа байтугай айл зэргэлдээ аймаг хошуундаа зартай хоёр ч ногоон ганс зууж явсан энэ эр эдүгээ хоёр гартаа лан алт гялалзуулж яваа нь бас л нэгийг хэлэх буй заа.
Хоёр. Зурхайн эрэлд мордсон нь
Нутаг нугаасаа бараг холдож үзээгүй түүнийг “Улаанбаатар орж зурхайн ном үзнэ” гэхэд дуулсан сонссон их багагүй гайхаж, “Өнөөх чинь эрүүл ухаантай л байдаг байх даа” гэлцэв. Бүр явдаг дээрээ тулахад нь эцэг эхийнх нь танил Довчингийн Даш гавж “Дашдамба минь чиний нас ч гуч хол гарчихлаа. Зурхай сурах гэж буурлуудын буянаа дэмий юманд үрээд яана. Чи сурахгүй” гэж шууд л хоригложээ. Гэвч Дашдамбын дотор бодолд олон он жил хоногшсон зурхайн эрдэм сурах хүсэл нь юунд ч хоригдсонгүй. Хамгийн түрүүн Улаанбаатар хот орж ирэв. Энэ үе бол 1965 он буюу Дашдамба гучин зургаан настай байлаа. Хөдөө хөхөрч гадаа гандаж өссөн залууд хот гэдэг ёстой л түм түчигнэж бум бужигнасан газар. Тэгээд ч хуучны шашин шүтлэг юм бүхнийг үзэл сурталжуулан хааж хориод лам хувраг, үзмэрч бариач, мэрэгчин төлөгчингүүд “ичээндээ” орсон цаг байлаа. Зурхайн ном заадаг сургууль байтугай, энэ чигт барьцтай үг хэлэх хүн олно гэдэг өвсөн дотор гээсэн зүү олохтой адил. Зурхай, зурхайч гэдэг үг цээртэй шахуу байлаа. Хэнтийд Жамц гэдэг сайн зурхайч бийг сонсоод сурагласаар очив. Хар ухаанаар сурсан зурхайн эрдмийг нь тэр хүний дэргэд битүүхэн шавилсан нэг cap нүднийх нь боолтыг авсан юм шиг гэгээрүүлжээ.
Тэр цагаас хойш Дашдамбын хөлд хий орчихсон юм шиг болов. Хаана л зурхайч байна тэр бүхнийг асууж сураглан эрж сурсаар Монгол орны хангайгаас говь, Алтайгаас Дорнодын тал хүртэл унаатай унаагүй явжээ. Ингэж явахдаа Сэлэнгэд Дамба, Булганд Цэдэндорж, Дугаржав, Дашпэлжээ, Дашбалдан, Дорноговьд Балдан, Өвөрхангайд Гочоо, Хэнтийд Жамц, Жам нарын зурхайчтай уулзсан байна. Тэдгээр хүмүүс ч зорьж очсон хэргийг нь дуулаад ганзага хоосон буцаасангүй. Харин Дорнод, Сүхбаатар, Архангайгаар чамгүй явсан ч зурхай заачих багш олоогүйдээ урам муутайхан буцжээ.
Өвөл, зун, өдөр шөнийг үл тоон зурхайн эрэлд хэрэн хэсч явахдаа нутагтаа ботготой ингэ шиг байн байн ирнэ. “Өнөөх Дашдамба чинь гэнэт л тоонд “цоорчээ”, сумын хоршооны нягтлан Лувсанбат сампингаа шажигнуулаад ч барахаа байсныг нүдээр үзлээ” гэж шуугилдав. Бас жил жилийн мал тооллого болоход Дашдамба шиг хэрэгтэй хүн үгүй болно. Сумын хэмжээний малын толгойн тоо гаргахад сампин шажигнуулах тоочид Дашдамбын чадлыг нэг сорино. Цуварсан их тоог шүлэг шиг уянгалуулан уншихад Дашдамба цөмийг цээжиндээ бодож нэг хариу хэлнэ. Тэр нь тоочдынхтой таарах. Жаран есөн оны намрын хонгор өдрүүдэд Бүрэнгийн төв хөдөөгүүр багтахгүй нэгэн яриа болов.
Учир нь Улаанбаатараас Монгол Улсын их сургуулийн тооны эрдэмтэн багш нар ирж сумын даргын ёотон шиг цагаан байшинд Дашдамбаар тоо бодуулжээ. Хотын тоочид бүгд л гар гартаа дэвтэр, ном, чамин гоё хийцийн тооны машин, сампинтай байхад Дашдамбын гарт муу мод толгойноос нь өөр юу ч байсангүй. Ирсэн харсан улсыг “болиоч” гэтэл улаан тамхиа угсруулж байгаад л тоо бодсон гэдэг юм. Сорьж ирсэн улс тооны гоё машин тачигнуулж, сампин шажигнуулж өдөржин Дашдамбатай тоо бодоод толгой сэгсрэхээс өөр үг үггүй буцацгаажээ. Удалгүй төвийн сонин хэвлэлийн хуудаснаа Дашдамбын тухай “Толгойдоо тооны машинтай хүн”, “Ер бишийн чадвартай хүмүүс” зэрэг сонин нийтлэлүүд хэвлэгдэж Монголоор нэг яриа болсон билээ.
Гурав. Бүхний мэдэх Дашдамба
Энэ нийтлэлүүдийг бичсэн сурган хүмүүжүүлэх ухааны дэд доктор, Улсын гавьяат багш Балсангийн Бортой 1996 оны намар уулзвал “Дашдамба жирийн хүн биш. Би тэр багш нартай чинь шалгаж сорилцож явсан хүн. Too бодоход нь электрон машин ч хожимдоно. Ах нь үзсэн харснаа тэр үед “Сурган хүмүүжүүлэгч” сэтгүүл, “Залуучуудын үнэн” сонин зэрэгт хэвлүүлж явлаа. Малчдын календарийг тэр үед Монголд Дашдамба л хийж байсан. Пүрэвсүрэн гэдэг хүн бусад зүйлийг нь хийж хэвлүүлдэг байсан. Боловсролгүй болохоор нь шинжлэх ухааны академийнхан олон ч юмыг нь булаасан даа” гэв.
Хэрэг болгож хуучин сонины шарласан хуудсууд сөхвөл “Залуучуудын үнэн” сонины 1969 оны 122 /4797/-т “Хүний тархи сэтгэхүйн тухай сонин” булан доор ийн бичжээ. “…Ер бусын чадвартай хүмүүс манайд ч илрэн гарч байна. Төв аймгийн Бүрэн сумын харъяат Сундуйн Дашдамба гуайг саяхан Улсын их сургуулийн сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимд урин авчирч тоо цээжээр хурдан боддог уран чадварыг нь шалган үзлээ. Дашдамба хэзээнээс нааш тоо цээжээр хурдан боддог аж. “Тоонд тун их дуртай хүн шүү” гэсээр МУИС-ын орос хэлний ангийн оюутан Х.Пүрэвсүрэн дагуулж ирлээ. Пүрэвсүрэн бид хоёр туршин шалгах ажилдаа орлоо.
1035-ыг 25-аар үржүүл… нэг минут болсны дараа Дашдамба 25875 гэж зөв хэлэв.
435-ыг 209-өөр үржүүлэх гэж бичээд өгмөгц дор нь шууд 90915 гээд биччихлээ.
4563-ыг 667-оор үржүүл гэхэд 3043521 гэж бас зөв бодлоо. Нэмэх хасах олон жишээ өгөхөд тэр дор нь түгдрэлгүй зөв хэлж байлаа. 458800-г 125-д хуваа гэхэд Дашдамба гуай гурван минут цээжээр бодоод 3670 ногдоод 4 сондгойрно гэлээ. Бас л зөв. 27152:139 гэж бичиж өгснийг хармагц нэг зуун ерэн хэд л гарч бас сондгойрно доо гэснээ төдхөн 195 ногдоод 33 үлдэнэ гэв.
Цааш нь бид тав зургаан оронтой тоонуудыг хооронд нь үржүүлэх дасгал өгөв. Дашдамба маань бас цээжээр зөв бодож байлаа.. 39 жилд хэдэн хоног байх вэ? гэсэн бодлого өглөө. Төдхөн 14244 болно гэлээ. Гэвч бидний бодож гаргасан маань 14235 байлаа. Дашдамба буруу гаргалаа гэж бид бодож байв. “Таваар төгссөн тоо гармаар юм аа” гэж асуутал Дашдамба “Би есөн өндөр жилийн нэг нэг хоногийг нэмчихсэн юм” гэлээ. Нээрээ л 9 хоногийг заавал нэмэх байж шүү дээ. Цааш нь хэдэн цаг байхыг бодохыг хүсэхэд нэг минут хагас болоод 341856 гэж бас зөв хэллээ. Тав зургадугаар ангийн тооны номноос “Хүү одоо 14 настай, таван жилийн өмнө ааваасаа тав дахин дүү байсан бол одоо аав нь хэдэн настай вэ?” гэх мэтийн бодлого өгөхөд өгүүлбэрийг 2-3 удаа уншмагц хариуг нь зөв хэлж байлаа.
Энэ хүн яаж ийнхүү цээжээр түргэн бодож байна вэ? Ямар сонин чадвар вэ? эсвэл тусгай ид шид далдын хүч байна уу? гэдгийг та сонирхож байгаа биз. Юуны өмнө энэ хүний хувийн чанарын тухай цөөн үг хэлье.
Дашдамба жирийн малчин айлын хүү, одоо 40 настай юм. Ямар ч сургууль төгсөөгүй аж. Харин сайн уншдаг, муухан бичдэг, тоо бодлогод гойд сонирхолтой, хар бага наснаасаа тоо цээжээр бодох дасгалыг уйгагүй хийж ирсэн хүн юм. Нэгээс мянга хүртэлх бүх тоог цээжээр квадрат зэрэгт дэвшүүлэн бодож жагсаан бичсэн гэнэ.
Харин цээжээр яаж ийнхүү бодож байна гэдгийн тухайд ажигласнаа хэлбэл Дашдамба төрөлхийн ой тогтоомж сайтай хүн юм байна. Жишээ нь: Олон оронтой тоог үржүүлэхдээ орон бүрээр урьдаар үржүүлэн гаргаад, түүнийгээ марталгүй ойдоо хадгалж байх шиг байна. Дашдамба ой сайтай, бас түүний тархины мэдрэлийн эсүүдийн нэг бүлэг нь тоо бодох ажилд чиглэн хуралдаж, хүчтэй, өвөрмөц онцгой ажилласнаас тийнхүү хачин хурдан бодож байгаа болов уу гэж таамаглаж байна. Гэвч ийм хачин ой ухаантай хүмүүсийн учир, тоо бодох арга барилыг нь шинжлэх ухаанд бүрэн гүйцэд судалж тодорхойлоогүй байгаа юм” гэж бичсэн нь бий.
Дөрөв. Орсон борооны ширхэг ч тоолно…
Нутгийн зурхайч Улаанбаатарт морилж явна гэх сургаар Дашдамба гуайтай уулзаж гэртээ уривал дуртай нь аргагүй манайд хоёр хоног тухалсан юм. Өвгөн зурхайч ирэх үхэр жилийн цаг тооны бичиг, өөрийн зохиосон зуу гаруй монгол бодлогынхоо номыг хэвлүүлэхээр ирсэн аж.
Бидний хооронд эгэл амьдралын өдрүүдээс эхлээд эрхэс гариг, тооны ертөнц, улс төр рүү ч шагайсан сонирхолтой яриа өрнөж билээ. Тэр тухай хойно өгүүлсүү.
-Та яагаад зурхайч болсон хүн бэ?
-Би чухам яагаад зурхайч болсноо өөрөө ч мэддэггүй юм. Хар багаасаа л тоонд дуртай байсан. Сурахын хувьд хөгшин эхээ сахиж аргал ус малтай ноцолдоод оройтож эхэлсэн.
-Таныг Маам зурхайчийн сүнс гэж манай нутгийнхан хуучилдаг?
-Урьд төрөл маань чухам хэн, юу байсныг би яаж мэдэх вэ. Маам гэж мундаг зурхайч байгаад намайг төрөхөөс хэдэн жилийн өмнө өөд болсон юм билээ. Өвгөчүүл л намайг мэдээ орох цагаас “Маам зурхайч хуучнаа сэргээх болоогүй юу?” гэж цаашлуулдагсан. Тэр хүнтэй үерхэж нөхөрлөж байсан өвгөчүүл л үлгэр домог шиг юм ярихыг нь сонсож өслөө. Маам зурхайч жараад оны үед “Манайхан ч Хятадаас одоо салахдаг аа. Харин гучин жилээс хэтрэхгүй найрамдахаа” гэж байсан нь ёсоор болох шиг боллоо. Бас нэг удаа “эрхий хуруу хөрөхгүй цагт өөрийн садан төрөл хүнээс чинь нэг нь хөлдөж үхнэ” гэж буулаа, хачин юм даа” гэж байж. Гэтэл намрын дунд сард гэнэт их цас орж, ах дүүсийнх нь нэг нь эндсэн юм гэдэг. Дүүдээ нэг удаа “Чамд эрхтэн дутуу хүн хүний хойтхыг айлтгах гэж ирэх гэж байна. Түүнийг авбал чамд сайн юм болохгүй” гэж сануулжээ. Дүү нь түүний хэлэхийг тоогоогүйгээс тэр бүх юм ёсоор болж байсан гэдэг. Мөн айхавтар юмыг урьдчилан мэдэж байна аа.
-Таны зурхай заасан багш бий юу?
-Зурхайн ухааны учрыг олох гэж Монголоороо мөн ч их явсан даа. Ном заасан гол хүн маань бол Хэнтий аймгийн харъяат Жамц гэгч хүн байсан. Тэр бол Монголын их том зурхайч байсан юм. Түүний дэргэд нэг cap сууж байж л календарь хийхтэй болсон. Бас Жам, Цэдэндорж нарын олон хүнээс юм асууж л явлаа. Миний зурхай сурах ид үед чинь зурхай зурдаг хүн нууц байлаа шүү.
Нэргүй нэг багш маань бол ном. Зурхайн номын хойноос гутлаа эргэтэл явсны хүчинд овоо ч номтой болсон. Гол номуудаа хүрээлэнгийн номын сангаас уншиж байсан. Булганы Балжинням зээрэмбээс зурхайн шинжийн судрыг нь авах гэж гурван зуун км газар мориор явж л байлаа. Өмнөговьд нэг хүнд “Бадгар чалам” гэдэг зурхайн номны сураг гараад байхаар нь яваадахсан чинь ололгүй буцаж ирсэн.
-Таныг сургуульд сураагүй гэдэг. Тэгээд яаж ном сурсан хэрэг вэ?
-Сургуульд огт сураагүй. Өөрийн оролдлогоор л шинэ үсэг сурсан. Дээр нь төвд хэл мэдэхгүйгээр зурхайд урагш ахихгүй байсан. Тиймээс үсгийг нь гаргахтай, утгыг нь ойлгохтойгоо болсон.
-Зурхай гэдэг таны бодлоор юу юм бэ?
-Нэг л мундаг шинжлэх ухаан. Энэ шинжлэх ухаанаар газрын шинж, гариг одны явдал, огторгуйн уудам, гэнэтийн аюул осол, өвчин тахал, ган зуд бүгдийг мэдэж болно. Надад зурхайн ховор судрууд ч бий. Үүнийг мөн ч олон жил амьтан хүнээс нууж хааж явлаа шүү дээ. Ид тоо сонирхож, зурхайн ухаанд шунаж явахад маань гоочилдог хүмүүс байж билээ. Ер нь саяхныг хүртэл зурхай, зурхайч гэдэг үг цээртэй шахуу байлаа даа. Зурхайн ухаан бол манай ард түмний соёл, шинжлэх ухааны ховор өв гэж би боддог. Харин зарим хүн “шашны юм” гэж ад үздэг байлаа. Намайг зурхай зурдаг болохоор шашны суртал дагасан хүн гээд сандаргадаг л байв.
-Та цаг тооны бичгийг хэдэн жил хийсэн хүн бэ?
-Анх 1969 оны малчдын хуанлийг зохиож хэвлүүлсэн. Түүнээс хойш 1970 оны мичин жилээс эхлэн 2000 он хүртэлх 30 жилийн цаг тооны бичгийг зохиолоо. Миний зохиосон хуанлийн ар талд нь Содном, Самбуу зэрэг хүмүүс элдэв юм бичиж Намын Төв хорооноос зөвшөөрөл авч хэвлүүлдэг байв. Эдгээр хуанлийг хийхэд Төв аймгийн намын хорооны Дамбажанцан гэдэг дарга их тус болж, холбогдох газруудад нь ярьж хэлж өгдөг байв. Сүүлийн жилүүдэд цаг тооны бичгүүд маань гарахаа ч байлаа. Зарим зальтай хүмүүс гаргана энэ тэр гэж аваад гаргахгүй өөр нэрээр ч хэвлүүлчихсэн л байх юм.
-Та тэгэхээр ер нь улсад цаг бүртгүүлж, цалин авч ажиллаагүй хэрэг үү?
-Би өөрийгөө улсдаа юм хийлгүй, дандаа идээд байсан гэвэл нүгэл болно байх. Миний хийсэн хөдөлмөр бол 30 жил хийсэн календарь. Харин амьдралдаа нэг cap л 500 төгрөгийн цалин авч цаг бүртгүүлж ажилласан. Далаад оны эхээр юмдаг. Ус цаг уурын албыг удирдах газар намайг урьсан. Тэнд Д.Түвдэндорж, Жадамбаа зэрэг дарга нар хүлээн авч “Та дэлхийн ирэх наян жилийн хэлбэлзэл, cap мичдийн тохиолыг хэлж өгөөч. Танд өрөө гаргана. Сард 500 төгрөгийн цалин өгнө” гэсэн. Тэд намайг үүнийг хэдэн жил хийнэ гэж бодоцгоож байсан байх. Түүнээ хэлж ч байсан. Би түүнийг нь ганцхан cap суугаад хийгээд өгчихсөн. Цалинг нь хүртэхээ бодоод аажуухан хийсэн бол ч хэдэн жилийн ажил даа. Надад тэгж улсын хөрөнгийг зүгээр идэх сэтгэл байхгүй. “Ийм түргэн хийчих гэж” гэж тэд шалгаж үзээд толгой сэгсэрч байж билээ.
-Таныг залуудаа “зурхайгаар уншсан маанийн тоог л гаргаж чадахгүй. Түүнээс орсон борооны ширхэг, газрын үндэсний тоог ч гаргаж чадна” гэж ярьдаг байсан гэдэг. Үнэн үү?
-Залуу байхад аль галзуурахыг тэр гэхэв. Нэгэн үе надтай тоо бодох сачийтай аавын хүү байхгүй л гэж бодож явлаа. Хэрэв тэр үед улс оронд маань атомын бөмбөг хийх шаардлага гараад надад үүрэг өгсөн бол би хийчихнэ гэж бодож явсан. Галзуу байж дээ. Уг нь ч орсон борооны усны зузааныг тодорхойлж чадвал ч олоход амархан л даа. Тухайлбал, 40 метр урт, 24 метр өргөн талбайд орсон борооны усан давхарга 4 мм гэвэл 1 кв.м 100 см өргөн, 100 см урттай байх ба түүн дээр 4 мм, өөрөөр хэлбэл, 0.4 см өндөртэй усан давхарга тогтоно. Тэгвэл, тийм усан давхаргын эзэлхүүн 100Ч100x0.4=4000 куб.см болно. 1 куб.см ус 1 грамм жинтэй гэвэл уг талбайн кв.м бүрд 4000 г (4 кг) ус унана. Нийт талбай 40Ч24=960 кв.м. Тэгэхээр уг бороогоор 4Ч960=3840 кг ус унасан байна. Үүнээс үндэслээд уг борооны дуслыг тоолж болно. Тухайлбал, зөөлөн борооны дусалд дунджаар нэг граммд 12 ширхэг байдгийг дэлхийн эрдэмтэд тогтоосон. Тэгвэл дээр орсон бороо кв.м бүрт 4000Ч12=48000 дусал унасан гэсэн тооцоо гарна. Ер нь чаддаг л юм бол ямар ч боломжгүй мэт санагдах зүйлийг ч тоогоор хэлж болно,
-Ингэхэд ер нь та ямар улстай тоо “хаялцаж” явсан хүн бэ?
-Олон доо. Нэгэн үе Завханы Хашбаатар, Дундговийн Намжилдорж, Монгол улсын их сургуулийн профессор Шагдар, Санжмятав нарын зэрэг олон эрдэмтэд надаар тоо бодуулж байсан. Профессор Шагдар миний зуу гаруй өгүүлбэртэй бодлогыг үзэж шалгаад зөв байна гэсэн, Харин өөдөөс нь эргүүлээд тоо бодуулах гэхээр тооны машин, цаас, харандаагүй бол таг суучихаж мэдэх улс билээ. Би тэдэн шиг цаас харандаа нийлүүлж, тооны машинаар тоо бодож байгаагүй. Тамхиа л татна даа.
-Та тоог энгийн дөрвөн аргаар нь л боддог хүн үү? Өөр ямар аргаар боддог вэ?
-Анхандаа би дөрвөн аргын тоо л мэддэг байлаа. Хожим геометрийн прогресс, зэрэг дэвшүүлэх гэхчилэн үзсэн. Дээд тоог үзсэн, миний боддогоос амархан хариу нь гарчихдаг юм билээ.
-Та дээд сургуулийн дипломгүй ч дээд тоог мэддэг эрдэмтэн юм байна шүү дээ?
-Би юу шалих вэ дээ.
-Таны зохиосон цаг тооны бичгүүд жилээс жилд улам боловсронгуй болоод л байжээ дээ?
-Уг нь тийм ухаантай. Нарны ургах, шингэх хугацааг Улаанбаатарын хуанлийн ба зуны цагаар тооцоолон гаргасан. Мөн билгийн тооллын тухайн жилийн дөрвөн улирлын таван гаригийн байрлах оддын ордыг шинээр хийж ирсэн. Тэгэхдээ гаригуудын дарааллыг цаг тооны бичигт дурдсаны дагуу байрлуулсан. Энэ бүхэн бол ганц миний ч хийсэн юм биш. Энд олон сайн нөхөд тусалдаг байсныг хэлэх хэрэгтэй.
Tав. Толгойдоо тооны машинтай зурхайч
Дашдамба гуай шөнө орой болсон ч амарч дугхийхийг бодсонгүй. “Манай өвөг дээдэс чинь 67 оронтой сэтгэшгүй гэдэг тоо бодож байсан улс. Сэтгэшгүй гэдэг нь төвдөөр санжмятав, монголоор санаанд багташгүй гэсэн үг. Дэлхийн зургаан тивийн өвс, ногоо, мод чулууг нэг бүрчлэн тоолоод ч энэ тоонд хүрэхгүй гэдэг. Би бодож үзээгүй. Европчууд 42 оронтой баклон гэдэг тоогоор тооны мухарт хүрлээ гэж үздэг. 67 орон чинь цаашаа ахиад л үржинэ шүү дээ” гээд уг орон хүртэлх тооны нэрийг цээжээр хэлж өгөв.
-Таныг Монголын хэмжээний зурхайч гэвэл үгүйсгэх үү?
-Яахав дээ, одоо зурхайч байхгүй болсон болохоор л тэгж байгаа юм. Урьд бол ямар юмны нь зурхайч байхав.
-Л.Тэрбиш энэ тэр гээд сайн зурхайч олон байгаа юм биш үү?
-Тэрбиш бид хоёр бол нэг багшийн шавь нар. Намайг бодвол номтой л байх. Зурхайн дацангийн тэргүүн, уг нь Гандангийн хурлын лам Гончигсүрэн гэдэг хүн Энэтхэг явж ном үзээд ирсэн гэнэ лээ, тэр сайн болоо.
-Та тэнгэрийн одыг тоолж үзсэн үү?
-Од гэдэг бол ертөнц. Түүнийг тоолж барахгүй. Саваагүйтээд зөвхөн нарны аймгийн одыг тоолж үзэхэд 370 хэдэн тэрбум гэсэн тоо гарч байсан. Биднээс дээш 35 давхар ертөнц бий. Бүмчин гэдэг түвд номонд ч бичсэн байна билээ.
Зургаа. Очирбат дахин сонгогдохгүй…
Дашдамба гуайгаас улс төр, цаг үеийн элдэв эрээн бараан юм олныг асуув. Заримд нь “үхэх нас ойртсон хүн тэрнийг зурж сууж тархиа зовоогоод яахав” гээд үл хариулна. Хариулсан зарим ярианаас нь дор сийрүүлбэл:
-
-Энэ хулгана жилээс хойших 12 жилд сайн муу ямар үйл болох вэ?
-Их хямралтай байна.
-2000 он хүртэл улс төр ямар байх вэ?
-1997 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар П.Очирбат дахин сонгогдохгүй. Энэ гарч ирсэн парламент 2000 он хүртэл солигдохгүй. Өөрөөр хэлбэл, завсрын сонгууль болохгүй.
-Өнөөгийн улс төрийн удирдагчдаас хэн нь хамгийн их ирээдүйтэй вэ?
-Мэдэхгүй, урьд насных нь юмыг харж байж л хэлнэ. Ер нь энэ далимд хэлэхэд Р.Гончигдорж, Ц.Элбэгдорж нар бол гучаад онд хэлмэгдэж алуулсан хүмүүсийн хойд дүр нь. Ц.Элбэгдорж бол яах аргагүй мөн. С.Зориг бас мөн. Тэд өсөө авах гэж эргэж төрцгөөсөн юм. Аливаа амьд амьтан урьд настайгаа холбоотой. Хүн алсан хүн ч гэсэн өнөө алуулсан хүн нь урьд төрөлдөө өөрийг нь алсан байж болно. Ардчилал анх гарч байхад нэг сэтгүүлч надаас “Та Монголын ардчилсан холбоонд хайртай юу, МАХН-д хайртай юу” гэж асууж билээ. Би хариуд нь “Та ууган хүү, отгон хүү хоёрынхоо алинд илүү хайртай вэ” гэж асуусан. Хариулт өгөлгүй явчихна билээ.
-Үнэн гэж бий юу?
-Ертөнцөд үнэн юм гэж байхгүй. Дандаа хий хоосон хуурамч Дүдийн их хаан Дүдгэрванчиг гэж хүн байжээ. Тэр хүн хоол идэхээ байхаар нь 500 хатан нь “Таныг хорлох дайсан байхгүй” гэхэд “Миний хорлох дайсан бол Гудмин Тойн (Бурхан багшийг хэлж байна). Тэр бол хоосон чанарын юманд ухаарсан хүн. Түүнтэй дүйцэх амьтан байхгүй” гэж хариулсан гэдэг. Үнэн бий гэвэл байгаа юм байгаагаараа л байх ёстой.
-
-Танд өөрт тань бодогдож буй юм юу вэ? Нууц биш бол хэлнэ үү?
-Миний төрж өссөн нутаг Төв аймгийн Бүрэн сумын Бүрэн уул, Баян Төхөмийн нуур бол сайхан хангай. Нутгаараа нэг орж Хайрхан, Бүрэн, Баян Төхөмөөсөө нэг нэг чулуу авчрахгүй бол болохгүй нь. Тэгэхгүй бол тэр газрууд надаас юм нэхэх янзтай. Ойрд зүүдлээд байгаа. Лус нэхэхээрээ голдуу тэгдэг юм. Бас нэг лан шижир алтны хэрэг байна. Өнөө хойчоо даатгаж Далай ламыг ирэхээр нь өргөх гэсэн юм.
Тийм ээ. Дашдамба гэж ийм л хүн. Түүний нэгэнтээ “Хүнийг сайн номтой гавж гэж ч болохгүй. Энэ муу ядуу тарвагачин ч гэж муулж болохгүй” хэмээсэнчилэн түүнийг гаднаас нь харсан хүн дотоод аугаа ихийг нь мэдэхгүй бөлгөө.
Эдүгээ Дашдамба гуай тамхиа нэрж тоогоо бодож зурхайгаа зурсаар яваа. Тэрбээр ээж аавыгаа нас элснээс хойш гоонь явсаар өтөлж буй нэгэн. Гэлээ ч ганц бие эрийн тохигүйхэн амьдралаар нарт хорвоогийн өдөр хоногийг үдэн суухдаа тоо бодож, зурхайтайгаа нөхөрлөн зовж жаргасаар… Монголын ард түмэнд хэрэгтэй “цаг тооны бичгийг” энэ хүн ухаан зарж бүтээсэн цэмцгэрхэн бор гэртээ өдөржин шөнөжин суугаад зохиож байна. Удтал суугаад босоход данхтай цай нь хөрчихөөд гэр нь хүйт даачихсан байх нь олонтаа. Гэвч Дашдамба тэр бүгдэд үл гутран, гагцхүү хэт ирээдүйг ухааныхаа нүдээр харан баясдаг гэлтэй.
Бүрэн нутгаас цацарсан зурхайн энэ их гэрэл энд ч тэнд ч тусна. Харин бид түүний гайхамшгийг олж мэдэхээсээ өмнө сурсан ном эрдэмгүйгээр нь л гоочилдог нь харамсалтай. Тэр бол Хорьдугаар зууны Монголын зурхайч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч бүгдээр хүлээн зөвшөөрөх цаг айсуй.
Ш.Сүхбаатар. Нутгийн ах Ширчингийн Сүхбаатарын мэдээлэлээс авав...Зоригт ван